Н.Энхболд: ХҮҮХЭД ЗАЛУУСТ ҮР ӨГӨӨЖТЭЙ, БОДИТОЙ АЖИЛ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗОРЬЖ БАЙНА
“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т Нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28238 сурагчийг хамруулсан нь хамрагдвал зохих сурагчдын 86,4 хувийг эзэлжээ. Сургалтын хоёр дахь шатанд зөвхөн аймгийн төвүүдийн ерөнхий боловсролын 170 орчим сургуулийн дунд, ахлах ангийн 24700 гаруй сурагчийг хамруулаад байна. Цаашид энэхүү хөтөлбөр 2024 оныг дуустал үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хамтарсан тушаалаар батлан амжилттай хэрэгжүүлээд байна. Тус хөтөлбөр хэрхэн биеллээ олж, ажил хэрэг болсон, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.
Өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдсан. Энэхүү хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх болсон хууль, эрх зүйн үндэслэлийн талаар ярилцлагаа эхлүүлье…
-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 2020 оны ажилд амжилт хүсье. Иргэд эх оронч үзэл, итгэл үнэмшилтэй, эх орон, тусгаар тогтнол, түүх, эх хэл, өв соёлоороо бахархах төлөвшилтэй байх нь манайх шиг цөөхүүлээ үндэстний хувьд нэн чухал дархлааны түвшинд хэрэгтэй. “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д “Бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Нөгөө талаар иргэн бүр эх орноо хамгаалах бэлтгэлтэй байх үүргийг нь хуульчилсан. Эх орноо батлан хамгаалахад сургаж бэлтгэх, мөн эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм. Иймээс Улсын Их Хурлаас “Батлан хамгаалах тухай”, “Боловсролын тухай”, “Бага, дунд боловсролын тухай”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” мөн “Монгол Улсын Засгийн газрын тухай” зэрэг хуульд дээрх асуудал тусгалаа олсон байдаг. Өнгөрсөн онд Засгийн газрын 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдлаа. Үүнийг үндэслэн “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г өнгөрсөн оны 9 дүгээр сард Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай хамтран баталж бодит ажлуудыг эхлүүлээд байна.
Тодорхой жишээ хэлнэ үү?
-Энэхүү хөтөлбөрийг хүүхэд, залуучуудад үр өгөөжтэй, бодитой ажил болгохын тулд “Ерөнхий боловсролын дунд сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдад Зэвсэгт хүчний энхийг сахиулагч-цэргийн алба хаагчдаараа дамжуулан эх орон, тусаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах сургалт, сурталчилгааг зохион байгуулъя гэсэн санаа, санаачилгыг маань Ё.Баатарбилэг сайд дэмжиж, хоёр яам хамтран эхний ээлжид Нийслэлийн сургуулиудад зохион байгуулсан.
Хоёр оны зааг дээр ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан энэхүү бүтээлч ажлын зорилгын талаар тодотгож өгнө үү?
-Энэхүү сургалтын зорилго нь сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд оршиж байсан юм. Зэвсэгт хүчний Жанжин штаб, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб болон Боловсролын газар, хэлтэстэй хамтран үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдад сургалт, үйл ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Үүнд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 200 гаруй офицер, ахлагч оролцож яриа, танилцуулга хийсэн нь хүүхдүүд төдийгүй тэдний эцэг, эх, багш нарын талархлыг хүлээсэн маш сонирхолтой, үр өгөөжтэй ажил болсон. Сургуулийн захирлууд, Цэргийн штабын дарга нар уг арга хэмжээнд оролцож, Төрийн дууллаа эгшиглүүлэн Төрийн далбаагаа мандуулан хүндэтгэлтэйгээр эхлүүлж, энхийг сахиулагч-зочин багш нар “Монгол цэргийн түүх, уламжлал, энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг, оролцоо, ач холбогдол” сэдвээр лекц уншсан. Сургалтыг явуулахдаа энхийг сахиулагч-цэнхэр дуулгатнуудын хувцас, өмсгөл, зэр зэвсэг, Өмнөд Судан, Афганистан, Чад, Сьерра Леон зэрэг улсын нөхцөл байдал, хүүхдүүдийн амьдрах, сурах орчинг Монгол Улсынхаа хүүхдүүдийн амьдрах, сурах орчинтой харьцуулан гэрэл зураг, богино хэмжээний видео бичлэг ашиглан тайлбарласнаас гадна өөрт тохиолдсон бодит явдлыг ярьж, тухайн үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцсан ба эх орон-эх оронч үзлийн талаар харилцан ярилцаж, тэдний асуултуудад хариулж байсан. Гол нь тэдгээр улсуудын нөхцөл байдал, сурч, амьдрах орчин, боломжийг нь өөрийн орныхтой харьцуулан ярилцаж байсан нь хүүхдүүдэд эргэцүүлэн бодох ухаарлыг өгч байгаа нь мэдрэгдсэн нь бидний хувьд чухал байсан юм. Хүүхдүүд маань энхийг сахиулагчдаас дайн дажинтай улс орон, дүрвэгсдийн хуаранд байгаа хүүхдүүдийн ахуй амьдрал, боловсрол, эх орноо санах, гэртээ ирэх үед төрсөн мэдрэмж, сэтгэгдэл, энхийг дэмжих ажиллагаанд оролцох шалгуур, зэвсэгт мөргөлдөөн болж буй улс орнуудын амьжиргаа, газар нутаг, цаг агаар, тэнд аж төрдөг хүүхдүүд, монгол хүүхдүүдийн ялгаа зэргийн талаар асуултуудыг хамгийн ихээр сонирхон асуусан байна лээ.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Сургалт, сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулсан, түүнд хамрагдсан сургууль, хүүхдийн тоо чамлахааргүй байгаа байх. Та сургалтын үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сургалтыг богино хугацаанд, чанартай зохион байгуулахад анхааран ажиллаж, эхний үе шатанд Нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28238 сурагчийг хамруулсан нь хамрагдвал зохих сурагчдын 86,4 хувийг эзэлж байлаа. Сургалтын хоёрдугаар үе шатанд буюу 12 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд аймгуудын төвийн ерөнхий боловсролын 170 орчим сургуулийн дунд, ахлах ангийн 24700 гаруй сурагчийг хамруулан зохион байгууллаа. Аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, офицерууд, Зэвсэгт хүчний ангиудын энхийг сахиулагчид, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Боловсролын хэлтсийн арга зүйчид, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, түүх-нийгмийн ухааны секцийн багш нар хамтран идэвх, санаачилгатай, маш сайн ажилласныг энд зориуд тэмдэглэж, баярласнаа илэрхийлье. Түүнчлэн сургалтын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги, байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын вэб хуудас, олон нийтийн мэдээллийн сайтууд болон MNB, ТВ-5, NTV, UBS, ETV, MNC, TV6, SВN, On-TV8, TV-25, TV-9, TM телевиз, “Соёмбо” сонин, “Дуулга” теле студи зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчилсан нь үр өгөөжтэй болсон гэж бодож байна. Энэхүү богино хугацааны үр дүнтэй сургалтад ерөнхий боловсролын 290 гаруй сургуулийн дунд, ахлах ангийн 52938 сурагчийг хамруулж, эх орон, тусгаар тогтнол, түүх, эх хэл, өв соёл, монгол хүн болж төрснөөрөө бахархаж, эх орноо хайрлахын үнэ цэнийг ухааруулсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.
Сургалтын явцад Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн нэгэн сурагч “Эх орон гэдэг үг аман дээр байдаг хямдхан үг биш, сэтгэлд үлдэх үг” гэсэн бол Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн нэгэн сурагч “Би том болоод Судан хүүхэд өргөн авч хүн байхын аз жаргалыг мэдрүүлнэ” гэж бичсэн байсан. Хүүхэд бүрийн сэтгэлд хүрсэн, эх оронч цэрэг эрсээрээ бахархсан, эх орноо хайрлах сэтгэлийг төлөвшүүлсэн цаг үеэ олсон ажил болжээ гэж дүгнэх үндэслэл байгаа биз.
Цаашид тус хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ?
-Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ой болон Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар улирлын хичээл эхлэхээр энэхүү ажлыг шинэ, илүү сонирхолтой арга хэлбэрээр дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтраад их, дээд сургуулиудын оюутнууд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, техникийн коллежуудын сурагчдын дунд зохион байгуулах болно. Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагуудын хичээлээс гадуур зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд тусгаж, жил бүрийн намар, хавар тодорхой үе шаттайгаар тогтмол зохион байгуулах нь зүйтэй. Гэхдээ дан ганц сургалтаар биш, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр тогтмол сурталчилж, иргэдийн оролцоо, идэвхийг өрнүүлэх нь бас үр дүнтэй гэж үзэж байгаа.
Эх сурвалж: “Соёмбо” сонин