МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Г.БАТСҮХ ТОМИЛОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

АЛБАНЫ ЦАХИМ /ВЭБ/ САЙТЫН БҮТЦИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ.

Үндэсний дата төвтэй хамтран албаны цахим хуудасны хурдыг нэмэгдүүлж иргэд, олон нийтэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр мэдээ мэдээллээр хангах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн албаны цахим хуудасны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж иргэдэд хүртээмжтэй, тодорхой, ил тод байлгах үүднээс үндсэн 6 цэсэд үйл ажиллагааг хуваан байршуулсан.

  1. Бидний тухай
  2. Нийгмийн хариуцлага
  3. Мэдээ мэдээлэл
  4. Хүний нөөц
  5. Ил тод байдал
  6. Авлигын эсрэг үйл ажиллагаа гэсэн цэсүүдээс бүрдэх бөгөөд дээрх цэсүүдэд дараах мэдээ, мэдээллийг шинэчлэн байршуулаад байна.
  • Мэндчилгээ, алсын хараа, эрхэм зорилго, албаны дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын түүхэн замнал, хууль, дүрэм, журам, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, мэдээ, мэдээлэл, видео контент, төсөл хөтөлбөр, захиалагчийн хяналт, нээлттэй ажлын байр, хүний нөөцийн бодлого, шилэн дансны мэдээлэл, ёс зүйн дүрэм, эрүүл мэнд, боловсрол, спортын талаарх мэдээллүүдийг шинэчлэн байршуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн манай албатай хамааралтай мэдээ мэдээллийг энэхүү цахим хуудсаар дамжуулан цаг алдалгүй түргэн шуурхай авахын зэрэгцээ бидний хяналт хийж байгаа төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг цаг тухай бүрт нь авах юм.

ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАВ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ АХМАДЫН БОЛОН АЛБА ХААГЧДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ БОЛОН ТУС АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

 ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС БОЛОН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГА, АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Н.Энхболд: ХҮҮХЭД ЗАЛУУСТ ҮР ӨГӨӨЖТЭЙ, БОДИТОЙ АЖИЛ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗОРЬЖ БАЙНА

“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т Нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28238 сурагчийг хамруулсан нь хамрагдвал зохих сурагчдын 86,4 хувийг эзэлжээ. Сургалтын хоёр дахь шатанд зөвхөн аймгийн төвүүдийн ерөнхий боловсролын 170 орчим сургуулийн дунд, ахлах ангийн 24700 гаруй сурагчийг хамруулаад байна. Цаашид энэхүү хөтөлбөр 2024 оныг дуустал үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны хамтарсан тушаалаар батлан амжилттай хэрэгжүүлээд байна. Тус хөтөлбөр хэрхэн биеллээ олж, ажил хэрэг болсон, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.

Өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдсан. Энэхүү хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх болсон хууль, эрх зүйн үндэслэлийн талаар ярилцлагаа эхлүүлье…

-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 2020 оны ажилд амжилт хүсье. Иргэд эх оронч үзэл, итгэл үнэмшилтэй, эх орон, тусгаар тогтнол, түүх, эх хэл, өв соёлоороо бахархах төлөвшилтэй байх нь манайх шиг цөөхүүлээ үндэстний хувьд нэн чухал дархлааны түвшинд хэрэгтэй. “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлнэ”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д “Бүх шатны сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Нөгөө талаар иргэн бүр эх орноо хамгаалах бэлтгэлтэй байх үүргийг нь хуульчилсан. Эх орноо батлан хамгаалахад сургаж бэлтгэх, мөн эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм. Иймээс Улсын Их Хурлаас “Батлан хамгаалах тухай”, “Боловсролын тухай”, “Бага, дунд боловсролын тухай”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” мөн “Монгол Улсын Засгийн газрын тухай” зэрэг хуульд дээрх асуудал тусгалаа олсон байдаг. Өнгөрсөн онд Засгийн газрын 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдлаа. Үүнийг үндэслэн “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г өнгөрсөн оны 9 дүгээр сард Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай хамтран баталж бодит ажлуудыг эхлүүлээд байна.

Тодорхой жишээ хэлнэ үү?
-Энэхүү хөтөлбөрийг хүүхэд, залуучуудад үр өгөөжтэй, бодитой ажил болгохын тулд “Ерөнхий боловсролын дунд сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдад Зэвсэгт хүчний энхийг сахиулагч-цэргийн алба хаагчдаараа дамжуулан эх орон, тусаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах сургалт, сурталчилгааг зохион байгуулъя гэсэн санаа, санаачилгыг маань Ё.Баатарбилэг сайд дэмжиж, хоёр яам хамтран эхний ээлжид Нийслэлийн сургуулиудад зохион байгуулсан.
Хоёр оны зааг дээр ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан энэхүү бүтээлч ажлын зорилгын талаар тодотгож өгнө үү?
-Энэхүү сургалтын зорилго нь сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд оршиж байсан юм. Зэвсэгт хүчний Жанжин штаб, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб болон Боловсролын газар, хэлтэстэй хамтран үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдад сургалт, үйл ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Үүнд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 200 гаруй офицер, ахлагч оролцож яриа, танилцуулга хийсэн нь хүүхдүүд төдийгүй тэдний эцэг, эх, багш нарын талархлыг хүлээсэн маш сонирхолтой, үр өгөөжтэй ажил болсон. Сургуулийн захирлууд, Цэргийн штабын дарга нар уг арга хэмжээнд оролцож, Төрийн дууллаа эгшиглүүлэн Төрийн далбаагаа мандуулан хүндэтгэлтэйгээр эхлүүлж, энхийг сахиулагч-зочин багш нар “Монгол цэргийн түүх, уламжлал, энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг, оролцоо, ач холбогдол” сэдвээр лекц уншсан. Сургалтыг явуулахдаа энхийг сахиулагч-цэнхэр дуулгатнуудын хувцас, өмсгөл, зэр зэвсэг, Өмнөд Судан, Афганистан, Чад, Сьерра Леон зэрэг улсын нөхцөл байдал, хүүхдүүдийн амьдрах, сурах орчинг Монгол Улсынхаа хүүхдүүдийн амьдрах, сурах орчинтой харьцуулан гэрэл зураг, богино хэмжээний видео бичлэг ашиглан тайлбарласнаас гадна өөрт тохиолдсон бодит явдлыг ярьж, тухайн үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцсан ба эх орон-эх оронч үзлийн талаар харилцан ярилцаж, тэдний асуултуудад хариулж байсан. Гол нь тэдгээр улсуудын нөхцөл байдал, сурч, амьдрах орчин, боломжийг нь өөрийн орныхтой харьцуулан ярилцаж байсан нь хүүхдүүдэд эргэцүүлэн бодох ухаарлыг өгч байгаа нь мэдрэгдсэн нь бидний хувьд чухал байсан юм. Хүүхдүүд маань энхийг сахиулагчдаас дайн дажинтай улс орон, дүрвэгсдийн хуаранд байгаа хүүхдүүдийн ахуй амьдрал, боловсрол, эх орноо санах, гэртээ ирэх үед төрсөн мэдрэмж, сэтгэгдэл, энхийг дэмжих ажиллагаанд оролцох шалгуур, зэвсэгт мөргөлдөөн болж буй улс орнуудын амьжиргаа, газар нутаг, цаг агаар, тэнд аж төрдөг хүүхдүүд, монгол хүүхдүүдийн ялгаа зэргийн талаар асуултуудыг хамгийн ихээр сонирхон асуусан байна лээ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Сургалт, сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулсан, түүнд хамрагдсан сургууль, хүүхдийн тоо чамлахааргүй байгаа байх. Та сургалтын үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Сургалтыг богино хугацаанд, чанартай зохион байгуулахад анхааран ажиллаж, эхний үе шатанд Нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28238 сурагчийг хамруулсан нь хамрагдвал зохих сурагчдын 86,4 хувийг эзэлж байлаа. Сургалтын хоёрдугаар үе шатанд буюу 12 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд аймгуудын төвийн ерөнхий боловсролын 170 орчим сургуулийн дунд, ахлах ангийн 24700 гаруй сурагчийг хамруулан зохион байгууллаа. Аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, офицерууд, Зэвсэгт хүчний ангиудын энхийг сахиулагчид, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Боловсролын хэлтсийн арга зүйчид, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, түүх-нийгмийн ухааны секцийн багш нар хамтран идэвх, санаачилгатай, маш сайн ажилласныг энд зориуд тэмдэглэж, баярласнаа илэрхийлье. Түүнчлэн сургалтын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги, байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын вэб хуудас, олон нийтийн мэдээллийн сайтууд болон MNB, ТВ-5, NTV, UBS, ETV, MNC, TV6, SВN, On-TV8, TV-25, TV-9, TM телевиз, “Соёмбо” сонин, “Дуулга” теле студи зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчилсан нь үр өгөөжтэй болсон гэж бодож байна. Энэхүү богино хугацааны үр дүнтэй сургалтад ерөнхий боловсролын 290 гаруй сургуулийн дунд, ахлах ангийн 52938 сурагчийг хамруулж, эх орон, тусгаар тогтнол, түүх, эх хэл, өв соёл, монгол хүн болж төрснөөрөө бахархаж, эх орноо хайрлахын үнэ цэнийг ухааруулсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.
Сургалтын явцад Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн нэгэн сурагч “Эх орон гэдэг үг аман дээр байдаг хямдхан үг биш, сэтгэлд үлдэх үг” гэсэн бол Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн нэгэн сурагч “Би том болоод Судан хүүхэд өргөн авч хүн байхын аз жаргалыг мэдрүүлнэ” гэж бичсэн байсан. Хүүхэд бүрийн сэтгэлд хүрсэн, эх оронч цэрэг эрсээрээ бахархсан, эх орноо хайрлах сэтгэлийг төлөвшүүлсэн цаг үеэ олсон ажил болжээ гэж дүгнэх үндэслэл байгаа биз.

Цаашид тус хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ?
-Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ой болон Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар улирлын хичээл эхлэхээр энэхүү ажлыг шинэ, илүү сонирхолтой арга хэлбэрээр дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтраад их, дээд сургуулиудын оюутнууд, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд, техникийн коллежуудын сурагчдын дунд зохион байгуулах болно. Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагуудын хичээлээс гадуур зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд тусгаж, жил бүрийн намар, хавар тодорхой үе шаттайгаар тогтмол зохион байгуулах нь зүйтэй. Гэхдээ дан ганц сургалтаар биш, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр тогтмол сурталчилж, иргэдийн оролцоо, идэвхийг өрнүүлэх нь бас үр дүнтэй гэж үзэж байгаа.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

ТӨЛӨВЛӨЛТИЙН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.ГАНХУЯГ

БХЯ-ны ХШҮДАГ-аас 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар мэдээлэл өгнө үү?
-Юуны өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Монгол Улсын яамдын 2018 оны үйл ажиллагаанд өнгөрсөн онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Батлан хамгаалах яам төрийн бусад яамдыг тэргүүлсэн нь манай яамны төдийгүй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний хичээл зүтгэлийн үр дүн, үйл ажиллагааны нэг чухал үзүүлэлт гэдгийг дурдах нь зүйтэй. Бодлогын баримт бичгүүдэд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилт, яамны 2019 оны үйл ажиллагаагааг дүгнүүлэхээр тайлан, холбогдох материалуудаа зохих журмын дагуу энэ жил хүргүүлээд байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар 2019 онд дэвшүүлсэн “Батлан хамгаалах салбарын хяналт, шалгалтын үр нөлөө бүхий тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх, төсөв, санхүүгийн эрсдэлийг үнэлэх, хараат бус дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт явуулах, зөрчил, дутагдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах” зорилго, зорилтуудаа бүрэн хангаж, удирдлагыг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах үүргээ биелүүлсэн.

Гол арга хэмжээнүүдээсээ тоймлон дурдана уу?
-Хяналт, шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, шаардлагатай дүрэм, журмыг боловсруулан батлуулах зорилтын хүрээнд “Батлан хамгаалахын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, “Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, “Батлан хамгаалахын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын журам”, “Зэвсэгт хүчний хэмжил зүйн дүрэм”-ийг шинээр болон шинэчлэн боловсруулж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулснаар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу үр нөлөө бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг хийхэд мөрдөх удирдлага, зохион байгуулалтын асуудлууд шийдвэрлэгдэж, эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болно.

Дээрх шинээр батлагдсан журмуудыг үйл ажиллагаандаа мөрдсөнөөр гарах үр дүнгийн талаар тодруулахгүй юу?
-Төсвийн шууд захирагч нар болон албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх агентлаг, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөвлөлт, үйл ажиллагааны харилцан уялдааг сайжруулах, хэрэгжилт, үр дүнг нь нэмэгдүүлэхэд түлхэц болох юм. Мөн “Хэмжил зүйн тухай” Монгол Улсын хууль болон “Батлан хамгаалахын хэмжил зүйг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Батлан хамгаалахын сайдын А/241 дүгээр тушаалыг хэрэгжүүлж, цэргийн хэмжил зүйн хөгжлийг орчин үеийн түвшинд хүргэх, эталон хэмжих хэрэгслийг нэмэгдүүлэх, цэргийн хэмжил зүйн хангалтын асуудлаарх албан тушаалтнуудын эрх, үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, зохицуулахад “Зэвсэгт хүчний хэмжил зүйн дүрэм” нь чухал ач холбогдолтой баримт бичиг юм. Мөн энэхүү баримт бичиг батлагдсанаар зэвсэглэл, цэргийн техникийг шалган баталгаажуулах, зориулалтаар нь осол, гэмтэлгүй ашиглах, бүх төрлийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Түүнчлэн “Цэргийн хэмжил зүй” хичээлийг анх удаа ҮБХИС-ийн сургалтын хөтөлбөрт заавал судлах хичээлийн нэг болгож, сургалтын хөтөлбөрүүдэд нь тусгаж шийдвэрлүүлснээр ҮБХИС-ийг төгсөгчид хэмжил зүйн талаар тодорхой ойлголттой болж, хэмжих үйл ажиллагаа бодит ажил болж биеллээ олох ач холбогдолтой юм.

Салбарын хэмжээнд хэрэгжүүлээд байгаа ажлуудаас гадна улсын хэмжээнд хэрэгжих олон баримт бичгүүдийг боловсруулсан. Энэ тухайд …
-Тус газар нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийг нь хангах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлж ажилласнаар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” баримт бичгүүдэд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг тогтоосон хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна. Мөн “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” баримт бичгийн төслийг боловсруулахад Батлан хамгаалах салбараас өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэвшүүлсэн зорилго, бодлогын үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд дүн шинжилгээ хийж, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар дүгнэлт хийж ажиллалаа.
Салбарын чиг үүргийн шинжилгээ, дахин хуваарилах ажлыг зохион байгуулж, Монгол Улсын холбогдох хуулиудаар Батлан хамгаалах чиглэлээр хүлээлгэсэн ерөнхий болон дэд чиг үүргүүд, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн жагсаалтыг нарийвчлан гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнасан. Энэхүү чиг үүргийн шинжилгээнд үндэслэн яамны бүтцийн нэгжүүдийн ажлын байрны уялдаа холбоо, ажлын байр бүр хуулиар хүлээлгэсэн тодорхой дэд чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан эсэхэд шинжилгээ хийж, бүтцийн нэгжүүдэд зөвлөмж өгч ажиллалаа.

Нийт ажлыг багцлан дүгнэвэл хэдэн хувийн биелэлттэй гарч байгаа вэ?
-Батлан хамгаалах яамны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд улирал тутам явцын үнэлгээ хийж, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх талаар бүтцийн нэгжүүдийг зөвлөмж, мэдээллээр тогтмол хангаж ажилласнаар “Яамны календарчилсан төлөвлөгөө”-ний хэрэгжилт 97,7 хувьтай байлаа. 2019 онд Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт болон төрийн өмчит 16 аж ахуйн нэгж, анги, байгууллагад дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг хийж, Монгол Улсын хууль, тогтоомж, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдсан дүрэм, журам, заавар, норм, стандартын хэрэгжилт, гадаадын тусламж, төрийн өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, дотоод хяналт шалгалтын талаар үнэлэлт, дүгнэлт өгч, зөрчил, дутагдлыг таслан зогсоох, үйл ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлэх талаар заавар, зөвлөмж өгч ажилласан. 2018 онд шалгалтад хамрагдсан анги, байгууллагуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт 73 хувь, улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлагын биелэлт 83 хувьтай байлаа. Тус газар хяналт шалгалтын зэрэгцээ төсвийн шууд захирагч, санхүү бүртгэлийн ажилтнууд, удирдах албан тушаалтнуудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ажлын байрны сургалтыг тогтмол явуулж, нийт 12 анги, байгууллагын 254 хүнд мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгсөн байна. Мөн Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, харьяа төсөвт болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөлт, тайлан, мэдээ хариуцсан болон санхүү бүртгэлийн ажилтнуудтай “Дотоод хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, түүний гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэхэд дотоод хяналт шалгалтын үр нөлөөг сайжруулах талаар үүрэг, чиглэл өглөө.
Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд 2019 онд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд шалгалтад хамрагдсан анги, байгууллагуудын тоо нэмэгдсэн хэдий ч илэрсэн зөрчил, дутагдлын тоо, хэмжээ багассан нь тус газрын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа нь зохих үр дүнгээ өгч байна гэж дүгнэж болохоор байгаа юм.

Энэ оны ажлын онцлогийн хувьд …
-2020 онд үйл ажиллагааны төлөвлөлт, түүний уялдаа холбоог сайжруулж, гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх, түүнчлэн төсөв, төрийн өмч хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагаар хангахад төсвийн шууд захирагч нарын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, харьяа төсөвт болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирагчийг анх томилогдоход нь төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн талаар анхан шатны мэдлэг олгох сургалтад заавал хамруулдаг болох зохицуулалтын арга хэмжээг авах, “Батлан хамгаалахын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын 2020-2022 оны дунд хугацааны стратеги”-ийг боловсруулан батлуулахаар тус тус төлөвлөн ажиллаж байна.

Соёмбо сонин

ЧУХАЛ ШААРДЛАГАТАЙ ЖУРМУУД ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА

Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2019 онд хэд хэдэн журмыг боловсруулж шинэчлэн батлуулсан юм. Үүнтэй холбогдуулан БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадоржоос тодруулга авлаа.

Нийт хэдэн журам шинэчлэн батлагдсан бэ?
-Улсын Их Хурлаар 2018 онд “Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсанаар энэхүү хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн дайчилгааны эрх зүйн харилцааг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага бий болсон. Иймд Батлан хамгаалахын сайдын “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 2018 оны тушаалд заасны дагуу дайчилгааны харилцааг зохицуулж буй нийт 20 орчим эрх зүйн баримт бичгийг 2018-2021 онд шинээр болон шинэчлэн боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд 2018 онд нэг, 2019 онд есөн журам шинэчлэн батлагдсан. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны зарлигаар “Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам”, Засгийн газрын 2018 оны тогтоолоор “Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага явуулах журам”, Засгийн газрын 2019 оны тогтоолоор “Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам”, “Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх журам”, “Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх журам”, “Дайчилгаатай сургууль явуулах журам”, “Техник, хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөх журам”, “Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх журам”, Засгийн газрын 2019 оны тогтоолоор “Иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнийг орон нутгийн хамгаалалтын болон цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг тогтоох, түүнийг олгох журам”, Батлан хамгаалахын сайдын 2019 оны тушаалаар “Цэргийн бэлтгэл албаны сургалтын журам” зэрэг 10 журмыг шинээр болон шинэчлэн боловсруулж, хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулаад байна

Журмуудыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага юу байв?
-Шинэчлэн батлагдсан журмуудын хувьд авч үзвэл, 1998 онд “Дайчилгааны тухай” хууль батлагдан гарсны дараа дээрх журмууд анх боловсруулагдан 1999-2003 онд батлагдсан байдаг. 2015 оноос эхэлсэн Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэл, улс орны нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүд, хүн амын өсөлт, бүтэц, чанарын өөрчлөлт, Зэвсэгт хүчний хөгжлийн түвшин зэргээс шалтгаалан дээрх журмуудыг батлагдан гарсан хууль, тогтоомжуудад нийцүүлэх, давхардал, хийдлийг арилгах, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд нийцүүлэх зэрэг хэрэгцээ, шаардлага тулгарч байсан бөгөөд эдгээр өөрчлөлт нь цаг үеэ дагасан шинэчлэлүүд гэж ойлгож болно.

Шинээр батлагдсан журмууд нь хууль, эрх зүйн ямар зохицуулалтыг нарийвчлан тусгасан талаар тодруулахгүй юу?
-Шинэчлэн батлагдсан журмууд нь батлан хамгаалахын багц хуулиудад тусгагдсан эрх зүйн харилцааг нарийвчлан тодорхойлох, эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах, шаардлагагүй болсон зарим зүйл, заалтыг хасах, нэр томьёоны шинэчлэлийг тусгасан зэрэг онцлогтой. Тухайлбал, “Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам”-ын тухайд, дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоо нь төрийн захиргааны, төрийн цэргийн болон орон нутгийн зарлан мэдээллийн тогтолцооноос бүрдэхээр нарийвчлан тодорхойлсноос гадна дайчилгааны орон нутгийн зарлан мэдээллийн тогтолцоог орон нутгийн хамгаалалтын зарлан мэдээлэлд ашиглахаар, зарлан мэдээлэл явуулах бэлтгэлийг хэрхэн хангах, зарлан мэдээллийг зохион байгуулж явуулах үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан журамласан онцлогтой. Мөн “Дайчилгаатай сургууль явуулах журам”-д зааснаар Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб дайчилгаатай сургуулийг жил бүр зохион байгуулж, явуулах эрх зүйн үндсийг бүрдүүллээ. Ингэснээр Зэвсэгт хүчний Жанжин штаб нь дайчилгаатай сургуулийн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтыг, Төрлийн цэргийн командлал нь дайчилгаатай сургууль явуулах цэргийн нэгтгэл, ангийн бэлтгэлийг хангуулах ажлыг, Батлан хамгаалах яам сургууль явуулах шийдвэрийг Засгийн газраар шийдвэрлүүлэх, сургуулийн явцад хяналт тавих үүргийг тус журамд тусгасан. Түүнээс гадна дайчилгаатай сургууль явуулах үйл ажиллагааг нарийвчлан журамласан юм. “Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, тэдгээрийг дайчлах журам”-аар дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг зохион байгуулах субъект, ажлын дарааллыг тодорхой болгож өгсөн бөгөөд гадаад улсад оршин суугаа цэргийн бэлтгэл үүрэгтнийг дайчлах ажлын зохион байгуулалтыг тусгай бүлэг болгон тусгаж өгсөн онцлогтой. Түүнээс гадна энэхүү журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын асуудлыг журамласан. Мөн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний насны хязгаарыг “Цэргийн албаны тухай” хуулийн 32 дугаар зүйлд, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг зохион байгуулах талаарх Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын үүргүүдийг Дайчилгааны тухай хуульд нарийвчлан заасан тул хууль, эрх зүйн давхардлыг арилгах үүднээс хуучин журмын зарим зүйл, заалтыг хассан зэргийг дурдаж болох юм.

Бусад журмын тухайд …
-“Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх журам”-ын хувьд, дайчилгаа зарласан үед дайчлан татахаар төлөвлөгөөнд тусгагдсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчлөлд байгаа зэвсэг, техник хэрэгсэл, эд хөрөнгийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүртгэж, дайчилгааны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулсан. Дайчилгааны нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, байршил, нөөцийг бүрдүүлэх болон нөөцтэй байх аж ахуйн нэгж, байгууллагыг Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага тодорхойлж, уг саналыг болон шаардагдах төсвийн асуудлыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх зохицуулалтыг хийж өгсөн. Түүнчлэн, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгааны даалгавраар тогтоосон дайчилгааны нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт, арчлан хамгаалалтад жил бүр үзлэг, шалгалт явуулж байх бөгөөд үзлэг, шалгалт явуулах бүрэлдэхүүн, хугацааг Засгийн газар тогтоох зохицуулалтыг хийсэн.

“Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх журам”-д хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дайчлагдсан өмчийг буцаан төлөх хэмжээг тогтоох хугацаа болон нөхөх олговрыг төлөх хугацааг тодорхой тусгасан бөгөөд нөхөх олговорт хүү, алданги тооцохгүй байхаар, нөхөх олговрыг биет хэлбэрээр буцаан төлөхдөө зохих хуулийн дагуу элэгдлийг тооцон олгохоор тусгалаа. Мөн “Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх журам”-д дайчилж болох санхүүгийн нөөцийг бэлэн болон бэлэн бус мөнгө, мөнгө, түүнтэй адилтгах хэрэгсэл гэсэн гурван хэсэгт ангилан тэдгээрт хамаарах нөөцүүдийг тодорхой зааж өгсөн. Мөн Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх хугацааг нарийвчлан тодорхойлсон.

Шинэчлэн батлагдсан эдгээр журмын ач холбогдлын тухайд …
-Товчхондоо эдгээр журмууд батлагдсанаар Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилт хангагдах, дайчилгааны зарлан мэдээлэл явуулах, нөөц бүрдүүлэх, нөхөн олговор төлөх болон дайчилгаатай сургуулийг явуулах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт боловсронгуй болсны зэрэгцээ дайчилгааны үед байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх асуудал тодорхой болж байгаа юм.

Соёмбо сонин

С.Баасанхүү: ҮЕ ҮЕИЙН ГЕНЕРАЛУУД УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН БҮХ ШАТАНД МАНЛАЙЛЖ ОРОЛЦСОН

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Монгол генерал төв”-ийн тэргүүн, доктор, профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүүтэй ярилцлаа.

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийн гол онцлог юу вэ?
-Энэ өдөр амьд түүх болсон ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ажил, амьдралынх нь туршлага, туулж өнгөрүүлсэн замналыг нь залуу, хойч үеийнхээ оюун санаанд бага ч атугай шингээе гэж зорьдог. Үүний тулд жил бүр олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ахмад генералууд маань хүнд цаг үеэс өнөөдрийн нийгэмд хэрхэн шилжсэн, цэргийн дарга ямар байх ёстой гэхчлэн хууч дэлгэсэн сайхан ярилцлагууд өгөх, төвлөрсөн арга хэмжээ, уулзалтууд буюу оюутан залуус, томоохон албан байгууллагуудад эх оронч үзлийн талаар яриа, таниулга хийх гээд нийгэмд хандсан олон ажил, арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад төвлөрсөн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, цэрэг-эх оронч яриа, таниулгыг хийх боломжгүй болсон.

Монгол Улсад хэдэн генерал байдаг вэ?
-Одоогоос 76 жилийн өмнө буюу 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тэр цагаас хойш 185 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртсэний 91 нь энх тунх байна. Үүнээс 27 нь төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагад үүргээ гүйцэтгээд ажиллаж байна. Генерал цолтнуудын дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 41 байна. Үүнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, сансрын нисгэгч нэг, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 бий. Дипломат албанд ажилласан нь ч бас олон. Эдгээр тоо баримт нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгт төдийгүй улс орныхоо хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож ирснийг илтгэх учиртай. Өнөөдөр хамгийн өндөр настай нь хурандаа генерал С.Лувсангомбо. Өдгөө 96 настай, энх тунх байгаа хурандаа генерал С.Лувсангомбо гуайд Улаанбаатар хотын захиргаанаас орон сууц өгсөн сайхан мэдээ дуулдана лээ. Өмнөөс нь баярлаж л суулаа.

“Монгол генерал төв”-ийг байгуулах болсон түүхээс хуучлахгүй юу?
-1999 онд олон генерал нэг дор цугласан арга хэмжээ болсон юм. Хурандаа генерал Ж.Авхиа, Б.Дэжид, дэслэгч генерал Д.Ёндондүйчир, Б.Цэдэн-Иш, Ш.Арвай, Ж.Жамъян гээд барааг нь хараад л сүрддэг мундгууд цуглалаа. Бараг 70 гаруй хүн ирсэн байх. Өмнө нь тийм арга хэмжээ төдийлөн болж байгаагүй учраас их л идэвхтэй цугласан юм даг. Тэгсэн домгууд маань босож ирээд “Баасанхүү, нөхөр минь чи нэг юм бод. Бидний хэдэн генералууд цаашдаа тогтмол уулзмаар байна. Нэгнээ хараад сэтгэл их сэргэлээ. Залуу хүү та энэ ажлыг хий” гэж даатгасан. Тэр үед хамгийн сүүлд цол авсан шинэ цэрэг нь би байж таарсан л даа. Ингэж л би дарга нарынхаа тушаалаар хөөцөлдөж гүйсээр “Монгол генерал төв”-өө байгуулж, гэрчилгээ, тамга, тэмдгийг нь авсан юм. Үүнээс хойш 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид нэгдүгээрт, ахмад үеийнхээ түүх, уламжлал, замнал, гавьяат үйлсийг мартагнуулахгүй авч үлдэж, дараагийн хүмүүстээ өвлүүлж өгөх зорилготой. Үүний тулд хүүхэд багачууд, оюутан залуус, албан байгууллагуудад эх оронч үзэл, хүмүүжлийн талаар ярилцлага, лекцийг тогтмол хийдэг. Мөн жилд дор хаяж таван генерал ном бүтээлээ гаргаж байна. Энэ нь өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах, үндсэн байгууллагууддаа мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хоёрдугаарт, генералууд маань айхтар сүрхий цол зүүсэн хэдий ч хүн шүү дээ. Алдаж онох, гуниж гутрахад нь тусалж, дэмжихийн төлөө явдаг. Гуравдугаарт, ижил төсөөтэй байгууллагуудтай хамтарч, үндсэн байгууллагууддаа дэм болох чиглэлээр ажилладаг. Үндсэн байгууллагад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ИНЕГ гэсэн найман байгууллага хамаарна.

Холбоо барих

  • Утас

    75700007

  • Имэйл хаяг:

    bza@mil.gov.mn

  • Хаяг

    УБ хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9/2 Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 4 давхар

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 Хуулбарлахыг хориглоно.