МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН МЕГА ТӨСЛҮҮДЭД МБҮА ТББ-ЫН ГИШҮҮД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Монгол Улсын Засгийн газраас улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх том төслүүдийг эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж хөгжлийн гол бүтээн байгуулалт болох 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тус мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг 2025 оны нэгдсэн төсөвт суулган баталсан билээ. Ирэх онд уг мега төслүүд гараанаас хөдөлж эхлэх нь тодорхой болсон энэ цаг үед МБҮА ТББ-ын зүгээс Гишүүн байгууллагуудтайгаа хамтран уг төслүүдэд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох уулзалт боллоо.
Уг уулзалтад МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагуудын зүгээс биеэр болон онлайн хэлбэрээр 30 гаруй төлөөлөгч оролцож Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Эрдэнэбатын Мега төслүүд ба өнөөгийн байдал, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатарын Түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй төслүүдийн талаарх мэдээллийг сонсож байр сууриа илэрхийллээ.
Мега төслүүдийн өнөөгийн нөхцөл байдал болоод барилгын салбарынхан ямар төсөлд оролцож хамтран ажиллах боломжтой талаарх мэдээллийг Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат хэлэхдээ: Бидний өмнө тулгарч байгаа томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажиллах хүч шаардах нөхцөл байдал үүсэж байгаа төдийгүй энэ төсөл хөтөлбөрүүдэд Монголын барилгын салбарынхан өөрсдийн менежмент, санхүү, гэрээ, ажиллах хүчээ бэлдсэн байх төдийгүй хамгийн гол нь хэрэгжүүлж болох маш сайн тооцоолол бүхий төслөө бэлдсэн байхад боломж бололцоо бий болоод байгааг онцлон дурдсан юм.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатар: Түгжрэлийг бууруулах 6 багц төслийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхдөө энэхүү төслүүдийг хэрэгжүүлснээр та бидний өдөр тутамд түгжрэлээс үүдэн бий болж буй хүндрэл бэрхшээл арилж амьдралын чанар сайжрах нь хүн бүрийн хүчин зүтгэл, дэмжлэг чухал байгааг дурдсан юм. Мөн уг төслүүдийг хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагаа нэн чухал бөгөөд үүний тулд гэрээний нөхцөл байдал буюу Фидик гэрээний зарчмаар ажиллавал хаана хаанаа хүндрэл бэрхшээл бага байдаг талаар онцолсон юм.
МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар: Энэ удаагийн уулзалт маш үр дүнтэй болж байгааг онцлоод төртэй ямар нэг төсөл дээр хамтран ажиллахаар гэрээ эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй байгаа талаарх саналаа хэллээ. Мөн МБҮА ТББ нь салбартаа Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (ФИДИК)-ийн Түншлэгч гишүүн болсон учир Гишүүн байгууллагууддаа сургалт сурталчилгаа хийх бүрэн бололцоотой болсон талаар товч мэдээлэл өглөө.
МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх: Өнөөдөр өнөөгийн мега төслүүдийн явц, Шинэ Зуунмод, Шинэ Хар хорин гээд олон төсөл хөтөлбөрүүдэд барилгын компаниуд нэгдэж нийлээд оролцох боломж бололцоо бүрдэж бий болсон талаар сонслоо. Мөн энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог авч санал бодлыг нь авах хэрэгтэй юм, төр болоод аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаарх ойлголтоо авлаа. Өнөөдөр эхний ээлжинд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Цаашдаа санамж бичгийн хүрээнд олон ажлыг төлөвлөж хийнэ. Энэ удаагийн уулзалт маш амжилттай боллоо, ахиад олон удаа энэ уулзалтыг хийж салбарынхантайгаа бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллах боломж бололцоог бий болгохын төлөө ажиллана.