БНХАУ-Д УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД
МБҮА ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРСАЙХАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Энхболд болон Худалдаа, эдийн засгийн зөвлөх Ц.Түмэнбаяр нар МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханыг 2024.11.13-ны өдөр Бээжин хотноо хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс болон БНХАУ-ын барилга бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны хувийн хэвшлийн харилцааг өргөжүүлэхэд Элчин сайдын зүгээс ямар дэмжлэг үзүүлж болох талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын үеэр элчин сайд:
Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төслүүдэд хоёр улсын компаниудыг хамтран ажиллахад бүх талаар дэмжлэг үзүүлэх, холбож өгөх, МБҮА нь 2025 оны хавар Хятад, Монгол Улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллах, уулзалтын байр танхимаар хангахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Худалдаа, эдийн засгийн зөвлөх Ц.Түмэнбаярын зүгээс БНХАУ-ын хөгжлийн хурдтай манай улсын бүх салбарынхан хөл нийлүүлэн алхах боломжтойг дурдаад ялангуяа шинэ технологи, инновацийн чиглэлээр хамтран ажиллах, барилгын салбарт хүний оролцоог хэмнэсэн роботууд, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ техникүүд, шинэ технологиудыг нэвтрүүлэх, энэ чиглэлийн компаниудыг холбож өгөх боломжтой талаар дурдлаа. МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханыг Хятадын Олон Улсын Гэрээлэгчдийн Нийгэмлэг (China International Contractors Association (CHINCA)-ийн Ерөнхийлөгч Mr.Fang Qiuchen 2024.11.15-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо хүлээн авч уулзах бөгөөд Элчин сайдын яамыг төлөөлж Худалдаа, эдийн засгийн төлөөлөгч Ц.Түмэнбаяр хамт оролцох юм.